Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөц, шинэ технологи болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Иноүэ Шинжи, Сакамото Рюүтаро, Сэто Такаказү болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса нар оролцжээ.
Уулзалтын үеэр Т.Жамбалцэрэн Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов. Мөн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дурдсан байна. Харин Японы парламентын гишүүд ОИСКА байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал дэвшүүлжээ. Тус байгууллага нь Ази, Номхон далайн бүсийн орнуудад мод тарих, байгаль хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, техникийн сургалт зохион байгуулах чиглэлээр ажилладаг байна. “ОИСКА Монгол” ТББ нь 2007 онд Монгол Улсад байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 33 залууг Япон Улсад сургаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлжээ. Цаашид Монголын залуучуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа “Тоёота” автомашины техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хөдөө аж ахуйд ухаалаг төхөөрөмж, шинэ технологи нэвтрүүлэх, хөрсгүй тариалалт болон ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг талууд хэлэлцсэн байна.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд хүний нөөцийн хөгжил, технологи ба мэдлэгийн шилжилт, залуу ажиллах хүчний солилцоо, тогтвортой хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал гэсэн чиглэлээр хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр Монголын хөдөө аж ахуйн салбарт ажиллах шинэ үеийн мэргэжилтэн, залуу ажиллах хүчийг бэлтгэхэд ОИСКА болон Японы холбогдох байгууллагуудын туршлага, дэмжлэгийг ашиглан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн тэмдэглэв. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлоод, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, таван жилийн хугацаанд 50 мянган мод ургуулах амлалтаа биелүүлсэн талаар дурджээ. Талууд цаашид хөдөө аж ахуйн салбарын хүний нөөц, технологи, мэдлэгийн солилцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг тодорхой төсөл, бодит үр дүнд чиглүүлэн хөгжүүлэхээр санал солилцлоо.