Улс төр

“THE TIMES” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН БАЙР СУУРИЙГ ОНЦОЛЛОО

“THE TIMES” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН БАЙР СУУРИЙГ ОНЦОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын Оюу Толгойн гэрээний шударга бус заалтыг өөрчлөх шаардлагын талаар “The Times” онцоллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн зэсийн группийн захирал Кэйти Жексон тэргүүтэй албаны бусад хүмүүстэй өнгөрсөн даваа гарагт уулзах үеэрээ Оюу Толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 60 хувиас доошгүй байлгах, зээлийн хүүг бууруулж, менежментийн төлбөрийг багасгах гэх зэрэг маш бодитой саналуудыг тавьсан.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тэргүүний энэхүү байр суурийг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд, тэр дундаа “The Times” сонин онцлон нийтэлжээ.
“The Times”: Монгол Улсын Засгийн газар Rio Tinto компанийн 18 тэрбум ам.долларын зэсийн уурхайн төслийн “шударга бус” нөхцөлийг дахин хэлэлцэхийг зорьж, маш тодорхой байр суурийг илэрхийлж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Rio Tinto-ийн зэсийн салбарын тэргүүн Кэти Жэксон-той уулзахдаа одоогийн гэрээг “шударга бус” талаар байр сууриа илэрхийлэн таван утга бүхий шаардлага тавьсан.
2009 оны гэрээний дагуу Монголын Засгийн газар уурхайг 34 хувь эзэмшдэг бөгөөд энэ нь төрийн өмчит Эрдэнэс Монгол компаниар дамжин хэрэгждэг. Rio Tinto-ийн хамгийн том зэсийн төсөл болох Оюу Толгой 2011 онд ил уурхайн олборлолтоо эхлүүлж, одоо хүдрийн ихэнх нөөц байрладаг гүний уурхайн олборлолтоо нэмэгдүүлж байна.
Оюу Толгойн уурхай нь дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг бөгөөд жилд ойролцоогоор 500,000 тонн зэс үйлдвэрлэдэг. Монголын Засгийн газар уурхайг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын өөрийн хувийг санхүүжүүлэхийн тулд Rio Tinto-оос олон тэрбум ам.долларын зээл авсан. Тэгвэл өнөөдөр уг зээлийн хөвөгч хүү одоогоор ойролцоогоор 11.3 хувь байна. Монгол Улсын Засгийн газар одоо уг зээлийн хүүг бууруулах болон төслийн жил бүрийн менежментийн төлбөрийг багасгах зорилготой байгаа юм.