Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хэрэгжүүлсэн 14 хоногийг ирэх жилийн авто зам ашигласны төлбөрийн хөнгөлөлтөд тооцохоор боллоо. Энэ зохицуулалтыг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжжээ.
Тодруулбал, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан хоногийн тоотой уялдуулан дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Харин долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтыг үүнд хамруулахгүй аж.
Тухайлбал, COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтын 14 хоногийг хөнгөлөлтийн тооцоонд хамруулахаар тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгч Б.Золтуяа төлбөрийн хамрагдалт болон тоон мэдээлэлд зөрүү байгааг анхаарч, судалгаа, тооцоог нарийвчлах шаардлагатайг хэлсэн бол төлөөлөгч Ж.Сандагсүрэн тооцоо, судалгааг бүрэн боловсруулахын зэрэгцээ замын эвдрэлд нөлөөлдөг хүнд даацын автомашины асуудлыг авч үзэх санал гаргасан байна.
Харин төлөөлөгч Б.Дөлгөөн уг зохицуулалт нь иргэдийн эдийн засгийн ачааллыг бууруулах ач холбогдолтойг онцолжээ.
Ийнхүү тогтоолын төслийг олонхийн саналаар дэмжсэн бөгөөд НИТХ-ын ээлжит IX хуралдааныг арваннэгдүгээр сарын 13-нд үргэлжлүүлж, зарим тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна.
Эх сурвалж: НИТХ